Thursday, June 25, 2009

МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтын талаар мэдээ

2009 оны 2 сарын 19-нд Төрийн албаны төв зөвлөлийн 13 тогтоолоор 2008 онд болсон МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтуудыг хууль бус болсон гэж үзэж хүчингүй болгосон билээ.

Гэтэл 1 сарын дараа БСШУЯ-ны яамны төрийн албаны салбар зөвлөлийн дарга Н.Мишигжавын гаргасан хүсэлтийн дагуу холбогдох журмуудыг баталж гаргатал 13 тогтоолын үйлчлэлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг ТАЗ 46-р тогтоолоороо гаргасан билээ. Үүнийг “илт хууль бус шийдвэр” гэж үзэн өмнөх сонгон шалгаруулалтанд оролцсон хэсэг багш нар Нийслэлийн захиргааны шүүхэд гомдол гаргасан юм.

Нийслэлийн захиргааны шүүгч Энхмаа уг хэргийг авч үзэн, гомдлыг хэрэгсэхгүй болгосон тул гомдол гаргагсад Дээд шатны шүүхэд давж заалдасны дагуу 2009 оны 6 сарын 23-ны өдрийн Дээд шүүхийн захиргааны хэргийн шүх хурлаас нийслэлийн шүүхийн шийдвэрийг өөрчлөн, ТАЗ-ийн 46-р тогтоолыг “илт хууль бус” шийдвэр гэж үзлээ.

Иймд С.Даваа нь МУИС-ийн захирал байх үндэслэлгүй нь нотлогдлоо.

Sunday, June 14, 2009

Бид бүх оюутныг төгсгөх ёстой юу?

Саяхан төгсөх ангийн оюутнуудаас хэдэн оюутан миний орсон хичээлийн улирлын шалгалтанд тэнцээгүйгээс сургууль төгсөх нь хойшлогдсон юм.

4 жил суралцаад төгсөх гэж байгаа хүүхдийг 1 шалгалтанд тэнцүүлээд төгсгөчихгүй, чи хүүхдийн амьдралаар тоглож байна гэж хэд хэдэн хүн хэлсэн юм.

Тэр хүмүүсийн зөв байж ч болох юм. Гэхдээ өөрийнхөө бодлыг хуваалцмаар санагдлаа.
Шалгалтыг би амаар авдаг, шалгалтын энэ хэлбэр оюутнуудын мэдлэгийг илүү бодитой үнэлэх боломж өгдөг гэж боддог. Саяны төгсөж чадаагүй оюутнуудаас 4 сараас хойш нийтдээ 6-7 удаа шалгалт авсан байдаг юм. Хэдийгээр шалгалтын дүрэм ёсоор ийм олон удаа авахыг зөвшөөрдөг эсэхийг мэдэхгүй ч оюутнуудад шалгалт өгөх боломжийг хангалттай гаргаж өгснөөр буруу юм болоогүй болов уу. (гэхдээ зарим оюутнууд бүх шалгалтанд ороогүй, 2-3 удаа л өгсөн.)
Тэнцээгүй шалтгаан нь маш энгийн.

1. Шалгалтандаа бэлтгээгүй
2. Суурь мэдлэг хангалтгүй

Сүүлийн үед оюутнууд шалгалтандаа бэлтгэлгүй орж ирэх нь нийтлэг болсон, тэгсэн мөртлөө ихэнх нь дор хаяж 60 оноо аваад гараад ирдэг. Энэ нь цаашдаа мэргэжлийн хичээлүүд ороод ирэхэд суурь мэдлэгээ эзэмшээгүй тохиолдолд залгамж холбоотой хичээлүүдийг үзэх ямар ч боломжгүй болоход хүрдэг.
Одоогийн дүрмээр оюутан хасагдана гэдэг ойлголт байхгүй болсноос бага курсийн шалгалтын өр 4 курс хүртэл явчихсан байх нь элбэг. Тэгээд төгсөхөөс хэдэн сарын өмнөөс олон өрнүүдээ дарах хэрэгтэй болдгоос хавар багш болгон дахин шалгалтууд авдаг. Нэгэнт сургалтын төлбөрийг төлүүлээд анги дэвшүүлсээр 4 курс хүртэл явуулсан оюутныг худлаа үнэн 60 тавиад төгсгөхөөс аргагүй байдалд бид хүрдэг.
МКС-ийн хувьд дараахь арга хэмжээ авмаар санагдаж байна.
• Хичээлийн залгамж холбоог тооцох, анги дэвших асуудал дээр шинэ журам гаргах
• Курс бүрийг төгсөхөд шаардагдах минимум кредит тогтоох
• 1 эсвэл 2 курсийн эцэст үндсэн мэдлэгийн нэгдсэн шалгалт авах
• Шалгалт өгөх болзлыг тодорхой болгох, ведомостийг замбараагүй өгөхөө болих

АСУУДЛЫГ ТОМРУУЛЖ ХАРВАЛ:

Энэ асуудлын цаад шалтгаануудын нэг нь МУИС-ийн хөгжлийн бодлого, стратегийн алдаанд байгаа юм. МУИС-ийн орлогын 90 орчим хувийг сургалтын төлбөр эзэлдэг тул оюутны сургалтын төлбөр санхүүгийн гол үүсвэр юм. Сургалтын төлбөрөө өөрсдөө тогтоож чаддаггүй, тэр бүү хэл саяны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр манай салбарын сайд төрийн өмчит их сургуулиудыг үнэ төлбөргүй болгоно гэж явсаныг хүн бүр санаж байгаа байх. Тэгэхээр төрийн өмчит сургуулиуд орлогоо нэмэгдүүлэхийн тулд оюутны тоог нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Зүгээр нэг ангид олон оюутан элсүүлэх нь утгагүй тул гоё нэртэй, гараад ажлын байргүй шинэ ангиудыг олноор нээж эхэлсэн. ШУТИС хэлний ангитай, МУБИС эдийн засгийн ангитай болсон нь энэний хамгийн ойлгомжтой үр дагавар юм.

Бусад үр дагавруудаас дурьдвал:

• Элсэгчийн чанар эрс муудсанаас сургалтын чанар доошилсон
• Сургалтын төлбөр нь багшийн цалинтай холбоотой тул оюутан хасах сонирхолгүй болсон
• Гараад ажлын байргүй дээд боловсролтой хүмүүсийг олноор гаргаж байгаа
• Зөвхөн бакалаврын сургалтандаа анхаарч эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлж чадахаа больсон

Иймд бид түр зуур өөрсдөө хоногийн хоолтой байхын тулд нийгэмд хортой ийм юм хийх нь зөв эсэхийг бодох ёстой. Сургалтын төлбөрийг зардалтай нь уялдуулж тогтоох, өндөр өртөг зардалтай ангиудад улсын татаас авах, санхүүжилтын бүтцийг өөрчлөх хэрэгтэй байна.

Tuesday, June 9, 2009

МУИС-ийн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал

Би 2008 оноос МУИС-ийн Удирдах Зөвлөлийн багш нарын төлөөлөлд сонгогдоод ажиллаж байгаа юм. Надад итгэл хүлээлгэж саналаа өгсөн багш нартаа талархалаа илэрхийлье. Багш нарын төлөөллийн нэгний хувьд УЗ-ийн үйл ажиллагааны талаар өөрийнхөө блогоор мэдээлэл өгч байя бодсон юм.

2009 оны 6 сарын 5-ны 17 цагаас МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурал боллоо.

Хэлэлцэх асуудалд:
1. УЗ-ийн шинэчилсэн бүрэлдхүүнийг баталгаажуулах, дарга сонгох
2. МУИС-ийн 2009-2010 оны төсөв, сургалтын төлбөр, оюутны дотуур байрны төлбөрийг тогтоох
3. МУИС-ийн Корпорацийн баримжаатай судалгааны их сургууль (entrepreneurial university) болгон хөгжүүлэх асуудал

1-р асуудал.

Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдхүүнийг дараахь байдлаар баталлаа.

Төрийн төлөөлөл
1. Д.Лүндээжанцан (УИХ гишүүн, шинээр орсон)
2. Н.Энхболд (УИХ-ын дэд дарга, шинээр орсон)
3. Т.Очирхүү (Сангийн дэд сайд, шинээр орсон)
4. Д.Цогтбаатар (ГХЯ-ны т.н.д., шинээр орсон)
5. М.Баасанжав (БСШУЯ, шинээр орсон)
6. С.Наранцогт (БСШУЯ, шинээр орсон)
7. С.Энхтүвшин (БСШУЯ)
8. Д.Сугар (ТӨХ дарга)
9. С.Чинзориг (Ерөнхийлөгчийн ТГ-ын орлогч)
10. Ц.Энхтүвшин (Оюутны Холбооны Ерөнхийлөгч)

Багш нарын төлөөлөл
11. Б.Сайнжаргал (ЭЗС)
12. Б.Баярсайхан (ХЗС)
13. З.Болд (МТС)
14. Ш.Чоймаа (МХСС)
15. А.Галтбаяр (МКС)

Төгсөгчдийн төлөөлөл
16. М.Энхболд (шадар сайд)
17. Н.Алтанхуяг (шадар сайд)
18. А.Мөнхбат (шинээр орсон)

МУИС-ийн оюутны төлөөлөл
19. Эрхэмбаяр (шинээр орсон)

УЗ-ийн гишүүдийн саналаар Д.Лүндээжанцанг УЗ-ийн даргаар, З.Болдыг нарийн бичгийн даргаар сонголоо.

Хуралд Д.Цогтбаатар, С.Наранцогт, Н.Алтанхуяг нар оролцсонгүй. Д.Сугар өөрийн итгэмжлэлт төлөөлөгчөө явуулсан байв. М.Энхболд, Н.Энхболд, С.Энхтүвшин нар хэлэлцэх асуудлаар өөрийн саналаа хэлээд 30-50 минутын дараа хурлаас чөлөө хүсээд явлаа.

2-р асуудал.

2009-2010 оны МУИС-ийн төсвийн талаар санхүү эрхэлсэн орлогч захирал Гүргэмжав танилцууллаа. Сургалтын төлбөр нэмэгдсэн тохиолдолд цалингийн санг Захиргаанаас сургалтын төлбөрийн саналыг 3 хувилбараар оруулж ирсэн.

I хувилбар II хувилбар III хувилбар
1 курс 890 840 770-840
Бусад курс 860 810 740-810

Үүнээс III хувилбар нь 2008-2009 оны хичээлийн жилийн төлбөрийг (сургууль, ангиас хамаарч хэлбэлзэлтэй тогтоогдсон) хэвээр үлдээх санал байсан юм. Энэ саналыг гишүүдээс хэн нь дэмжээгүй бөгөөд нэмэх хэрэгтэй, гэхдээ аль хувилбараар нэмэх эсэх дээр ярилцлаа.

С.Даваа (МУИС) : Сургалтын төлбөрийг инфляцийн түвшинд тохируулж нэмсэн. Өнгөрсөн жил сургалтын төлбөр 33% нэмж багш нарын цалинг 50%, ажилтнуудын цалинг 30% нэмсэн тул ирэх жил өндөр хувиар нэмэх шаардлагагүй.

М.Энхболд: Төрийн байгууллагуудын зардлыг багасгах үүрэг даалгаврыг дээрээс өгөөд байгаа, би ч мөн тэрний комисст ажиллаж байна. Энэ жил төрийн албан хаагчдын цалин нэмэхгүй, тэдний дундаж цалин 300 мянга байгаа. Иймд МУИС-ийн багш нарын цалинг огцом нэмж болохгүй. Би II хувилбарыг дэмжиж байна.

С.Энхтүвшин: 1-р курсийг I хувилбараар, бусад курсийг II хувилбараар тогтоох саналтай байна.

Н.Энхболд: 2-р хувилбарыг дэмжиж байна.

Ш.Чоймаа: Хоёрын хооронд төсөв яриад хэрэггүй, МУИС-ийн хөгжлийн хэтийн төлөвийн талаар ярилцмаар байна.

А.Мөнхбат: 1-р хувилбарыг дэмжиж байна. Харин яагаад нэмж байгаа шалтгаан
нь инфляци гэж тайлбарлах хэрэгтэй, өөрөөр хэлбэл урд жилийн төлбөр инфляци тооцвол нэмэгдээгүй гэж хэлж болно.

А.Галтбаяр: Юуны өмнө энэ МУИС-ийн удирдлагын дээд байгууллага УЗ нь ажиллахаа болисон, сургуулийн өмнө тулгарсан асуудлыг шийдэхэд оролцдоггүй. Хамгийн энгийн жишээ хэлэхэд өнгөрсөн жил 2 ч удаа болсон МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтанд ямар үүрэг роль байгаагүй, өмнөх УЗ-ийн даргыг энэ асуудлаар хурал хийлгээч гээд хүсээд хуралдуулж чадаагүй.

Төсөв, сургалтын төлбөрийн талаар ярихдаа ямар ажил хийх, ямар асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа талаас нь эхэлж харах хэрэгтэй. Оюутны тоо нэмэх замаар орлогоо нэмэгдүүлснээс, чанаргүй бүтээгдхүүн гаргаад байгаагаа засах хэрэгтэй байна. Сургалтын төлбөрийг аль болох бодитой тогтоохын тулд 1 оюутанд гаргах зардлаа тооцох хэрэгтэй. Эрдэм шинжилгээний орлогыг нэмэх дээр ажиллах хэрэгтэй байна. Жилийн жилд үндэслэлгүй хэдэн тоо барьж орж ирэхээ болих хэрэгтэй.

Б.Баярсайхан: 1 оюутны зардлыг тооцож, сургалтын төлбөрийн үндэслэлийг гаргах хэрэгтэй.

Эрхэмбаяр: Сургалтын төлбөрийг нэмж бол болно, гэхдээ нэмээд сургалтын чанар, суралцах орчин сайжрах ёстой. Оюутнуудад сургалтын төлбөрийн зарцуулалтыг ойлгомжтой гаргаж өгдөг баймаар байна. 1-р хувилбарыг дэмжиж байна.

Б.Сайнжаргал: Оюутанд гаргаж байгаа зардлыг тооцох хэрэгтэй. Гарч байгаа зардлаар нь байгалийн ухаан, нийгмийн ухааны салбаруудын төлбөрийг ялгавартай тогтоох нь зүйтэй.

Т.Очирхүү: Энэ төсвийг өмнөх жилийн гүйцэтгэл, энэ жилийн инфляцийг тооцож хийсэн юм болов уу. 1-р хувилбарыг оновчтой гэж үзэж байна. Учир нь төрөөс авах ирэх жилийн санхүүжилт хүндрэлтэй байгаа.

Удирдах зөвлөлөөс ойрын 3 жилийн хэтийн төлөвийг ойлгомжтой болгож өгөх үүднээс стратегийн төлөвлөгөө гөргөж өгвөл санхүүг нь ч ойлгомжтой болгож өгөх болов уу. Энэ талаар ажлын хэсэг гаргаж өгөхийг Лүндээжанцан даргаас хүсье.

М.Баасанжав: Хэтийн төлөвийн асуудал яригдаж байна. МУИС-ийн статусын тухай хууль гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа. Яамнаас гаргасан сургалтын төлбөрийг тогтоох аргачлал гэж байдаг боловч олон улсын туршлагаас авахаар тогтсон зүйл олоогүй. Төлбөрийг тогтоохдоо эрэлт, зардалын алийг нь авах вэ?

Яам оюутны тоог задгай тавьсан зүйл байхгүй. Энэ жил элсэлтийг 5000-аар бууруулсан. Гэхдээ нийгмийн ухааны мэргэжлийг илүү багасгаж, байгалийн ухааныг бараг өөрчлөхгүй байх бодлого барьсан.
Одоогий асуудлыг гол нь төрөөс санхүүжиилт бага байгаад байгаа юм. Ийм үед оюутны сургалтын төлбөрийг дээрээс нь барих нь бүр асуудал үүсгэж байна. 1-р хувилбарыг бололцоотой гэж үзэж байна.

С.Чинзориг: 1-р хувилбарыг дэмжье. Сургалтын төлбөрөөс нэмэгдэх мөнгөний 50 хувийг цалингийн санд оруулах нь зөв. Ажлын чанартай уялдуулж цалинг урамшуулал хэлбэрээр нэмэх нь зүйтэй. Төлбөрийг мэргэжлийн ялгавартай тогтоох нь зүйтэй.

Ц.Энхтүвшин: МУИС-ийн багш нарын дундаж цалин 500 мянга байгаа нь төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр байгаа байж цаашаа цалингаа нэмэх нь буруу. Харин хэмнэлт, зөв зарцуулалт хэрэгтэй байна.
Оюутны байрны жилийн төлбөр 150 мянга байдаг, нэг өрөөнд 5 оюутан амьдардаг гэхээр жилд нэг өрөөнөөс 750 мянга болно. Харин оюутны байранд амьдардаг багш сард 40 мянга, жилд 480 мянга болдог. Оюутнууд өрөөндөө хоол хийж болдоггүй байхад багш нар цахилгааныг чөлөөтэй ашигладаг. Оюутнууд багш нарын зардлыг төлдөг.

Т.Очирхүү: Зардлын задаргааг оюутнуудад хэлж өгөх нь чухал. Засгийн газраас ирэх жил дэмжлэг авч чадах уу гэвэл үгүй. Иймээс сургалтын төлбөрийг нэмэхээс өөр аргагүй.

Н.Лүндээжанцан: Хэдийгээр оюутан үйлчлүүлэгч боловч бид багш оюутан хоёрыг эн тэнцүү авч үзэх хэрэгтэй. Ажлын хэсэг гаргаад зардлын хуваарилалт дээр ажлын хэсэг гаргаад ажиллая. Юунд priority өгөхөө шийдэх хэрэгтэй байна. Зардлын хяналтын механизм бий болгох ажлын хэсэг бий болгоё.

Сургалтын төлбөрийг тогтоохдоо
1 курсыг I хувилбараар буюу 890 мянга,
Бусад курсыг II хувилбараар буюу 810 мянгаар тогтоох саналтай байна.

Энэ тохиолдолд нийт орлого хэдээр нэмэгдэх вэ? Энэ талаар захиргааны саналыг сонсоё.

С.Даваа: I хувилбараар сургалтын төлбөрийн нэмэгдлээс орж ирэх орлого 1.1 тэрбум төгрөг байсан бол энэ хувилбараар 700 сая орчим болох шинжтэй. Энэ хувилбар ч боломжтой гэж үзэж байна.

С.Сайнжаргал: Зарим сургуулийн 2-р курсын төлбөр 840 мянга байснаа 810 мянга болох нь. Багасгаж болохгүй байлгүй, иймд зохих өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Энэ тохиолдолд сүүлийн хувилбарыг дэмжиж байна.

Удирдах Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар 1 курсыг I хувилбараар буюу 890 мянга, бусад курсыг II хувилбараар буюу 810 мянга (гэхдээ өмнө жил 840 мянгын төлбөртэй байсан ангиудыг хэвээр нь үлдээх) байхаар шийдвэрлэлээ.

3-р асуудал.

С.Даваа энэ асуудлыг танилцууллаа. Түүний хэлснээр:

Монголын хөрөнгө оруулалттай, биотехнологийн чиглэлээр ажилладаг Wisdom Assets Holding (WAH) компанитай
1. Nanotechnology
2. Biotechnology
3. Animation
4. High technology business administration

гэсэн 4 чиглэлээр хамтран ажиллах гэж байгаа. Энэ компанитай хамтарч ажилласнаар МУИС-ийн үндсэн чиг үүрэгт:
Суурь ба хавсарга судалгааны ажил эрхлэхдээ сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн нэгдлийг хангаж, судалгааны үр дүнг хэрэглээний эргэлтэд оруулна
гэж заасны дагуу үйлдвэрлэлтэй холбогдож орлого олох алхам хийж байгаа.
МУИС-ийн зүгээс дээрх 4 чиглэлээр магистр докторын сургалт явуулах, хамтран “start-up” компани байгуулан, үйлдвэрлэл явуулж ашиг олох гэх мэт ажлыг хийх болтой.

Иймээс УЗ-өөс дараахь шийдвэрийг гаргаж өгөхийг хүслээ.
а) Хамтарсан магистр, докторын сургалт явуулахыг зөвшөөрөх
б) Нанотехнологи, биотехнологийн үндэсний үндэсний төв байгуулахыг зөвшөөрөх

А.Галтбаяр, Б.Баярсайхан нарын гишүүд үндэсний төв байгуулах, хувийн компанийн захиалгаар магистр докторын хамтарсан сургалт явуулах, тодорхой эрдэм шинжилгээний чиглэлүүдээр үйлдвэрлэл явуулах зэрэг нухацтай хандах ёстой асуудлыг МУИС-ийн Эрдмийн Зөвлөлөөр хэлэлцүүлэлгүйгээр шууд Удирдах Зөвлөлд оруулж ирж болохгүй гэв.

Эцэст нь УЗ олонхийн саналаар дээрх зүйлүүдийг зөвшөөрч баталлаа.


Удирдах Зөвлөлийн хурлын талаар миний хувийн бодол

1. МУИС-ийн удирдах зөвлөл их муу ажилладагийн нэг шалтгаан нь бүрэлдхүүндээ байдаг гэж би үздэг.

Төрийн төлөөлөл:

УЗ-ийн олонхийг бүрдүүлдэг төрийн төлөөллийг БСШУЯ-ны сайд томилохдоо хуралд ирэх завгүй эрх мэдэлтнүүдээр дүүргэдэг. Тэд нар төрийн төмөр нүүрийг үзүүлж, сургалтын төлбөрийг дээрээс нь барих зорилготой болохоос МУИС-д тулгарч байгаа асуудлуудыг шийдэх сонирхол, цаг зав байхгүй.
Хэдийгээр МУИС төрийн өмчит гэж нэрлэгддэг боловч Монголын ард түмэнд үйлчилдэг, тэдний өмчийн байгууллага билээ. Иймд энэ олон албан тушаалтнуудаас цөөлж нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүд, олон нийтийн болон бизнесийн байгууллагуудын төлөөллөөс оруулах нь зүйтэй. Одоогийн төрийн төлөөлөлд олон нийтийн байгууллагаас оюутны байгууллагын төлөөлөл байдаг.

Төгсөгчдийн төлөөлөл

“МУИС-ийн төгсөгчдийн холбоо” гэдэг байгуулагаас УЗ дахь төгсөгчдийн төлөөллийг сонгохоор МУИС-ийн дүрмэнд заасан байдаг билээ. Гэтэл энэ байгууллага төлөөллөө яаж сонгодог нь мэдэгддэггүй, ирц нь хэрхэн бүрддэг, МУИС-ийн бүх төгсөгчдөд нээлттэй эсэх нь тодорхойгүй ба УЗ-д сонгогдсон хүмүүс нь бүгд төрийн өндөр албан тушаалтан байдаг нь хуралд ирдэггүй завгүй гишүүдийг нэмдэг.
Жишээ нь УЗ-ийн н.б.дарга З.Болд сүүлийн хурал дээр ТХ-ны хурлын протокол, шийдвэргүйгээр “МУИС-ийн төгсөгчдийн холбоо”-ны тэргүүны аман баталгаагаар нэгэн шинэ гишүүнийг оруулж ирж батлуулсан байх юм.

2. Дараагийн асуудал болох төсөв сургалтын төлбөрийг батлахдаа I хувилбарыг сонгож бүрэн болох байсан. Олон гишүүд дэмжиж байсан боловч эргэлзээтэй байдалд МУИС-ийн захиргаа тэр хувилбараа хамгаалах оролдлого хийгээгүй нь харамсалтай.

Захиргааныхан улс төрийнхний дэмжлэг авч, өөрсдийнхөө албан тушаалаа хамгаалахын тулд сургалтын төлбөрийг нэмэх алхам хийх хүсэл байдаггүй гэдгийг ойлголоо.