Wednesday, July 22, 2009

МУИС-ийн ёс зүйн дүрэм боловсруулах төслийн тухай

МУИС-ийн багш ажилтан, оюутнуудын ёс зүйн дүрмийг боловсруулж гаргах ажил 2009 оны эхнээс явж байгаа юм. Эхлээд БСШУЯ-аас гаргасан үлгэрчилсэн дүрмийн дагуу эхний хувилбарыг манай философийн тэнхмийн багш нар гаргасан боловч алдаатай зүйлүүд нэлээд орсон байснаас дахин боловсруулах шийдвэрийг МУИС-ийн захиргаанаас гаргасан юм.

Үүнийг дахин боловсруулахдаа бас нэг комисс гаргаж ажиллуулах гэж оролдсон боловч эцэстээ МУИС-ийн захиалгын төсөл хэлбэрээр хийлгэх нь зүйтэй гэж үзсэн юм билээ.

Төслийн багийг НШУС-ийн багш М.Отгонбаяр ахалж, гишүүдээр нь А.Сайнбилэг (ГХСС), А.Галтбаяр (МКС), Сүхбаатар (ХЗС), А.Солонго (ЭЗС), Д.Улам-Оргих (ФЭС) нар ажиллаж байгаа юм. Энэ төсөл нь 6 сая орчим төгрөгийн өртөгтэйгээр батлагдсан бөгөөд 2009 оны 10 сард дуусах юм. Өнгөрсөн хугацаанд гадаадын сургуулиудын ёс зүйн дүрмүүдийг судалж, МУИС-ийн хувьд уг дүрэм ямар хэлбэртэй байх, юуг заавал оруулах зэрэг дээр ажиллалаа. Мөн багш, ажилтан, оюутнуудаас санал асуулга авч боловсруулж дуусч байна. Одоо ёс зүйн дүрмийг эцэслэн боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох ажил үлдээд байгаа.

Сургууль тодорхой ажлуудыг багш нараар гүйцэтгүүлэхдээ комисс нэртэй ажлын хэсэг гаргаад бараг үнэ төлбөргүйгээр хийлгэдэг эргээд уг ажлыг үр дүнд муугаар нөлөөлдөг. Зарим нь багш нар бус захиргааны хийх ажлууд байдаг. Иймээс зарим ажлыг төсөл хэлбэрээр захиалж хийлгэх нь оновчтой биз.