Sunday, September 6, 2009

МУИС-ийн захирлын 2009 оны 1 дүгээр сараас 7 сар хүртэлх тушаалын талаар

2009 оны 7 дугаар сарын эхээр би МУИС-ийн захирлын гаргасан тушаалуудыг боловсон хүчний асуудал хариуцсан мэргэжилтэн Эрдэнэчимэгээс авч үзсэн юм. МУИС нь ашгийн бус, төсвийн байгууллага учраас бүх тушаал шийдвэр нээлттэй бөгөөд та бүхэнд өөрийн танилцсан зүйлээс хуваалцая гэж бодлоо.

Тухайн байгууллага дээр ямар ажлууд хийгдэж байгаа, ямар бодлого баримтлаж байгааг захирлын тушаалуудаас ерөнхийд нь харж болно. Чухал гэж үзсэн, анхаарал татсан тушаалуудыг нь дурдаад хэдэн тайлбар оруулчлаа. Ер нь бол бараг “No comment” байсан нь дээр байсан ч байж мэдэх юм.


Бодлогын чанартай шийдвэрүүд

• Эрдмийн зөвлөлийн шинэчилсэн дүрэм
Байнгын хороотой байж, эрдмийн зөвлөлийг үйл ажиллагааг тасралтгүй явуулах, захиргаанаас аль болох хараат бус байх гэсэн гол санааг агуулсан нэмэлтүүдийг оруулахыг Ц.Ганцогийг захирал байх үеэс бид ярьж, хэрэгжүүлэх саналыг оруулж байсан юм. Үүний дагуу МУИС-ийн ЭЗ-ийн шийдвэрйг баталгаажуулсан тушаал нь энэ юм.

• Бүрэлдхүүн сургууль, факультетын дүрэм ба тэнхмийн дүрмийг IV.29 өдрийн 253 тушаал
Энэ тушаалыг ЭЗ-өөр хэлэлцүүлэлгүй, шууд захиргаанаас оруулж ирж баталсан. Хэрэгжүүлэх хамт олон ч мэдээгүй гэхэд болно. Гол зорилго нь хэдэн сургуулийн захирал томилоход хэрэглэх байсан.

• МУИС-ийн үндсэн хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ худалдан авах дүрэм баталж, үндсэн хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ худалдан авах, сонгон шалгаруулалт хийх байнгын комиссыг 5-6 хүний бүрэлдхүүнтэйгээр баталсан IV.23 өдрийн 243 тушаал

• “МУИС-д профессор багш ажиллуулах журам”, ‘Зөвлөх профессор ажиллуулах үлгэрчилсэн дүрэм’ зэргийг ЭЗ-өөр хэлэлцүүлэн баталсан VII.03 өдрийн 421 тоот тушаал

Санхүү, мөнгөний асуудалтай холбоотой шийдвэрүүд


• Тендер шалгаруулах байнгын комисс гаргах
• 2009 оны их ба урсгал засварын зардал гаргах тухай
• МУИС-ийн багш, ажилтан, оюутны ёс зүйн дүрмийн төсөлд (6.5 сая) VI.08 өдрийн тушаал
• МУИС-ийн цахим мэдээллийн сан байгуулах төсөл байгуулж ажиллах тухай III.06 өдрийн 127 тушаал
• Багшийн үйл ажиллагааг зохицуулах журмуудыг шинэчлэх комисс байгуулах тухай
• III.17 өдрийн 161 тоот тушаал
• Барилгын ажилчин нийт 25 хүнийг түр хугацаагаар ажилд авах тухай VI.10 өдрийн 342 тушаал

Ойлгомжгүй санхүүжилтүүд

• 2009 оны зуны их ба урсгал засварын нийт 65 сая төгрөгийн материалыг БНХАУ-ын Эрээн хотоос бэлтгэх, (Уг ажлыг С.Равжир, Л.Гоёцэцэг, Д.Оюунтогтох, Т.Мөнхдалай, Ж.Гантөмөр нарын бүрэлдхүүнтэй комиссоор бэлтгүүлэх ба тэдний томилолтын зардалд 4 сая төгрөгийг гаргах)
Тодорхой мөнгөн дүнгээс дээш бараа материалыг нээлттэй тендер зарлаж авах гэсэн хуулийн заалт байдаг. Бас авах зүйлсийн жагсаалтанд Солонгос хулдаас, орос сүх, солонгос эмульс гэсэн байсан нь жаахан ойлгогдсонгүй. С.Равжир гуайг С.Даваа багшийн нутаг, 10 жилийн анги гэдэг юм, бас л тохиолдол биш биз.

• “МУИС - HI B Oil” нэртэй багийг хувцаслах, дасгалжуулагч, 12 тамирчныг 2 сар цалинжуулахад нийт 7.9 сая төгрөгийг гаргах тухай I.19 өдрийн 28 тушаал.
МУИС бол сургалт, эрдэм шинжилгээний ажлаар улсдаа тэргүүлж байх ёстой бөгөөд оюутнуудын спортын амжилт гаргахыг эрхэмлэхээс илүүгээр тэдний чөлөөт цагаараа биеийн тамираар хичээллэх боломжийг гаргах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хэрэгтэй гэж би боддог. Бидэнд лигийн тэмцээнийг ивээн тэтгэх илүүдсэн мөнгө байхгүй. Захирал өөрийн ойрын хамаатан болох дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэвийг дэмжиж ийм шийдвэр гаргаагүй байлгүй дээ гэж найдаж байна. Гэхдээ түүнд багшийн цалин дээр нэмж 700,000 төгрөгөөр цалинжуулсаныг бас л ойлгосонгүй. Мөн уг тушаалаар тэмцээнд оролцогч оюутнуудыг хичээлээс чөлөөлөхөөр заажээ. Ихэнх оюутан ГГФ-ынх байгаагаас энэ сургууль юу сургах зорилт тавьсан юм болоо асуумаар санагдлаа.

• “МУИС - HI B Oil” баг Монголыг сагсан бөмбөгийн лигийн тэмцээний сүүлийн шатанд шалгарсан тул тамирчдын 27 хоногийн байр хоолны зардал болох 5 сая 76 мянган төгрөгийг хичээл практикийн зардлаас гаргах тухай IV.22 өдрийн 241 тушаал
Үүнийг бас ойлгохгүй байгаан.

• Монголын оюутны наадамд амжиллтай оролцсон тамирчид, багш нарыг нийт 3.74 сая төгрөгөөр шагнах тухай V.26 өдрийн 311 тоот тушаал.
2.25 сая төгрөгийг сагсан бөмбөгийн эрэгтэй 1, эмэгтэй 2 нийт 3 багийг шагнасан ба дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв 550,000 төгрөгөөр шагнагдсан байх юм.


• Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд уг бүс нутагт эрдэм шинжилгээний, сургалтын олон талт асуудлаар Эрхүүгийн ИС-ийн эрдэмтэдтэй хамтран ажиллах талаар цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр 7 сарын 2-10 хооронд дэд захирал Р.Самьяа, ФЭС-ийн багш Ц.Ганцог, ГГФ-ын декан В.Батцэнгэл, ХҮА-ны дарга С.Равжир, жолооч Ж.Ариунжаргал нарыг томилон онгоц, унааны шатахуун, хоол байрны зардал болон Эрхүүгийн их сургуулийн төлөөлөгчдийн байр хоолны зардалд нийт 1.67 сая төгрөг гаргах VI.26 өдрийн 396 тоот тушаал
Энэ бол хэлэлцээр гэхээсээ илүү Хөвсгөл далайн эрэг дэх амаралтаа МУИС-аар санхүүжүүлсэн юм гэж санагдахаар томилолт байлаа. Үр дүнг нь хараад сууж байхаас.

• Венад болсон Австри-Монголын хамтарсан “Их сургуулийн хөгжил-нийтлэг салбар” семинарт БСА-ны эрхлэгч Н.Батчимэг, МДСА-ны дарга П.Энхбаяр, МТС-ийн захирал Ч.Лодойравсал, КММТ-ийн админстратор Ж.Үйтүмэн нарыг томилон, замын зардал 6000 долларыг эргэн төлөгдөх нөхцлөөр гаргах тухай V.18 өдрийн 295 тушаал
Хурлын нэр нь зарим оролцогчдынхоо мэргэшсэн чиглэлтэй таараагүй юм шиг санагдлаа.

• БФ-ийн декан М.Цогбадрахыг 5 хоногийн хугацаагаар БНСУ-ийн Намьянжу хот дахь Монгол тосгоны нээлтэд явуулах зардалд 1 сая төгрөг гаргах тухай III.20 өдрийн 168 тушаал
Энэ томилолтын ач холбогдол, МУИС-тай ямар холбогдолтой гэдгийг сайн ойлгосонгүй.

• “Korean gas” компани МУИС-тай хамтран ажиллах санал тавьсаны дагуу оройн зоог барихад 293,380 төгрөгийг гаргах тухай тушаал

• С.Давааг Говь-Алтай аймгийн Шарга сумын сургуульд олимпиад зохион байгуулах, багш сурагчид зөвлөлгөө өгүүлэх замын зардалд онгоцны тийзийн үнэ 314900 төгрөгийг гаргах V.01 өдрийн 258 тоот тушаал
С.Даваа багш төрсөн нутаг уруугаа яагаад МУИС-ийн мөнгөөр явах болсныг ойлгохгүй байгаа. Мөнгөн дүн нь тийм их биш боловч энэ бол ёс зүйгүй шийдвэр болжээ.

• Багш нарын баярын ажиллагаанд 8.1 сая төгрөг гаргах (Үүнээс “Мемори” поп оркестрын тоглолтын хөлс буюу хүний 7000 төгрөгийн 600 ширхэг билетийн 4.2 сая төгрөг )

Ойлгомжгүй тушаалууд

• Багш Д.Сангааг 2005 оны 7 сарын 1-ээс ажлаас чөлөөлж, 2005 оны 7 сарын 1-ээс 50% хувийн ачаалалтай багшаар томилон ажиллуулах IV.22 өдрийн 229 тоот тушаал
• “Бүрэлдхүүн сургуулийн дүрэм”-ийн дагуу НШУС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисс байгуулах тухай V.20 өдрийн 302 тоот тушаал
Тушаал гаргасан он сар нь сонирхолтой. МУИС-ийн “Бүрэлдхүүн сургуулийн дүрэм”-ийг 5 хоногийн өмнө баталсан байдаг юм.

• МУИС-ийн харьяа Турк улстай хамтарсан Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн төгсөгчдийг батлах тухай VI.28 өдрийн 377 тоот тушаал
Турк сургууль манайхтай юугаараа холбоотойг ойлгохгүй байгаа юм. МУИС-ийн оюутны сургалтын төлбөрөөс өндөр төлбөртэй болохоор манайхаас хараат бус нь ойлгомжтой.

Та бүхэн МУИС дээр өөрчлөлт шинэчлэлт хэрхэн явагдаж байгаа талаар төсөөлөл авсан биз гэж найдья.