Sunday, November 29, 2009

Тогтолцооны буруу юу, хүний хариуцлага уу?

Сүүлийн үед аливаа ажил бүтэлгүйтэхээр тогтолцооны буруугаас болж байгаа юм гэсэн тайлбарыг хүмүүс их хийдэг болжээ. Тогтолцоог засах хэрэгтэй гэж их ярьдаг болж. 
Би тогтолцоо (систем) гэдгийг тавьсан зорилтоос хамааруулж, түүнд тохируулан хийсэн дүрэм, журам гэж ойлгодог.
Энгийн жишээ авья л даа. Тэмцээн зохиох санаачлагыг хэсэг хүмүүс гаргалаа гэж бодьё, Тэгвэл уг тэмцээнийг яаж зохион байгуулах вэ? Ямар дүрмээр явуулах уу гэдгийг уг тэмцээний дүрмээр (тогтолцоо) зохицуулна. Зохион байгуулагчид эсвэл оролцогчид гаргасан дүрмийг олонхийн саналаар хүлээн зөвшөөрсөнөөр дүрэм батлагдана. Гэхдээ амьдрал дээр зохион байгуулагчид зохиогоод, оролцогчдын зарим саналыг аваад баталдаг.  Тэмцээнээ явуулаад эхлэхэд дүрмийн алдаатай хэсгүүд илэрч болно, гэхдээ түүнийг тухайн байдалд нь зохицуулаад тэмцээнээ явуулахаас аргагүй.  Харин дараа дараагийн тэмцээн дээр алдааг нь засна эсвэл дүрмээ тэр чигээр нь өөрчилж болно.  Гэхдээ дүрмийг  тэр болгон  шинээр хийгээд байхгүй нь мэдээж. Мөн тэмцээн амжилттай болох нь сайн дүрмээс гадна сайн зохион байгуулагчид, дүрмээ сахин биелүүлэх оролцогчдоос хамаарах нь мэдээж. Одоо тэмцээн жилийн турш явагдана, тэмцээнд оролцох гэдгийг ажил хийх, зохион байгуулах гэдгийг удирдах, дүрэм зохиох гэдгийг хууль батлах гэж солиод тэмцээн болж байгаа газраа МУИС гэж бодоод үзье.


Боловсрол, шинжлэх ухааны салбарын хувьд тогтолцооны асуудлыг УИХ, Засгийн газар, БСШУЯ-ны түвшинд шийдэх ёстой. Гэхдээ МУИС нь Монголын тэргүүлэх төрийн өмчит сургуулийн хувьд энэ асуудал дээр чухал байр суурьтай гэдэг нь ойлгомжтой. Тиймээс МУИС-ийн удирдлага, бид ч дээд боловсролын тогтолцоог засах, шинэчлэх тал дээр санаачлагатай ажиллахад үр дүнд хүрэх боломжтой гэж боддог юм.  
Тогтолцоог бүтээх, засаж залруулах, амьдруулах явцад дараахь зүйлүүдийг анхаарах хэрэгтэй болов уу?
1. Тогтолцоог бүтээгчид өөрсдөө асуудлыг бүхэлд нь харж, шийдэх чадвартай байх ёстой. Монголд аливаа хууль, дүрэм шийдвэр зөв, хангалттай үндэслэлгүй байх нь элбэг. Өөрөөр хэлбэл  асуудал шийдсэн, шинэ зүйлийг санаачилсан биш, харин хэсэг улс төрчдийн фантази эсвэл аль нэг улсын төстэй дүрмийг тэр чигээр нь хуулсан хууль дүрэм байх нь элбэг. 
2. Дүрэм зохиодог хүмүүс өөрсдөө дүрмээ мөрддөг, өөрсдөө цэвэр байх ёстой. Тэмцээн зохион байгуулагчид өөрсдийн давуу эрхээ ашиглаад дүрмээ өөрчлөөд эсвэл зөрчөөд байдаг байж болохгүй. Тэгвэл сайн дүрмийг ч хүмүүс мөрдөхөө болино.
Жишээ нь: 2008 оны Төрийн албаны хуульд хорооны засаг дарга нарыг улс төрийн албан тушаалтан байхыг болиулсан нь төрийн албыг улс төрөөс ангид байлгах маш чухал шийдвэр байсан боловч хэрэгжүүлэх нь улс төрчдөд ашиггүй болмогц жилийн дараа хуулийг өөрчилсөн. 
3. Дүрмийг дандаа үндсээр өөрчлөөд байх хэрэггүй, засаж сайжруулах нь зардал, эрсдэл багатай. Аливаа дүрмийг хэрэгжүүлж чадахгүй болохоороо юу юугүй түүнийгээ шинэчлэх, солих гээд байж болохгүй, туйлбартай хэрэгжүүлэх шаардлагатай.  
4. Дүрмийн ажиллаж чадахгүй байгаа хэсгүүдийг дор бүр нь шинэчилж сайжруулах хэрэгтэй. Мэдээж хулгай хийсэн, эрх мэдлээ хувьдаа ашигласан зэрэг хувь хүний чанараас хамаарах алдаа гаргавал хэрэгжүүлэгчид хариуцлагыг дор нь хүлээлгэх ёстой.  
5. Ямар ч төгс төгөлдөр тогтолцоог чадваргүй хэрэгжүүлэгч  нураана  гэдэг нь ойлгомжтой.

2006 онд МУИС реформ багийнхан багш нараас судалгаа авч зайлшгүй шийдэх хэрэгтэй байгаа зарим асуудлуудыг гаргаж захиргаа, эрдмийн зөвлөлд танилцуулж байсан юм. Эндээс ямар нь тогтолцооны асуудал, аль нь өөрсдөө шийдчих дотоод асуудал гэдгийг ангилахыг оролдьё.
Тогтолцооны талаар гэвэл:

• Америкийн “public university” гэдгийг төрийн өмчийн сургууль гэж буруу ойлгоод байгаагааг юуны түрүүн  засах хэрэгтэй байна. Төрийн өмчит гэхээр төр өмчөө мэддэг гээд бүх үйл ажиллагааг царцааж байна. (Одоогийн төрийн хариуцдаг салбарууд болох  дэд бүтэц,  боловсрол, эрүүл мэнд , шүүх, цагдаа бүгд хүнд байдалд байна. Гэтэл харилцаа холбоо, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зарим хэсэг өөр байгааг хэн бүхэн мэдэх байх. Удахгүй бүх банк улсынх болохоор бид үнэхээр баларах байх.)  

• Орчин үеийн их сургуулийн чанар магистр докторын сургалтын чанараас голлон шалтгаалдаг болохыг бодлогын хэмжээнд ойлгох

• Шинжлэх ухаанд гаргаж буй зардлыг зөв хуваарилах, ШУА-ын их чуулган  өөрөө өөртөө рекомендаци өгч төсөл хуваарилдагийг өөрчлөх, ямар ч үр ашиггүй төслүүдэд мөнгө өгөхийг зогсоох

• Их сургуулиуд дан ганц сургалтын төлбөрөөр амьдардагийг  болиулах

МУИС-ийн хэмжээнд шийдвэрлэж чадах асуудлууд олон байна.  Дотоод бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөх, үр ашигтай болгох, сургалтыг кредит тогтолцоонд бүрэн утгаар шилжүүлэх, улсаас хөрөнгө оруулалтын зардлыг хөөцөлдөж олж авах гэх мэт.   

2007 онд дээд боловсролын талаар одоогийн засгийн газрын нэгэн гишүүнтэй уулзаж ярилцаж байсан юм.  Тэгэхэд МУИС-ийн захирал муу ажиллаж байна гээд аваад хаяхыг зорилгоо болгох хэрэггүй, харин системийг нь засах хэрэгтэй гэж хэлж байсан юм. Дараа мань хүн сайд болсоныхоо дараа Татварын ерөнхий газрын хамт олонтой уулзахдаа биднийгээ систем тогтолцоогоо засаж шинэчлэх бус захиралтайгаа тэмцсэн буруу юм хийж байгаа улсуудын жишээ болгон ярьж байсан тухай сонссон юм. Эрх мэдэлгүй жирийн багш нар тогтолцоо систем ярих нь тодорхой үр дүнд хүрэхэд хэцүү, бидний дуу хоолой, санаа тэрийг ойлгож хүлээж авах чадвартай удирдлагаар дамжиж хүрэх ёстой. Багш болгон дүрэм зохиогчтой уулзана гэж байхгүй шүү дээ. МУИС-ийн хувьд дүрэм зохиогчидтой ч хамтарч ажиллах чадвартай,  дүрмийг амьдрал дээр хэрэгжүүлэх чадвартай  удирдлага хэрэгтэй байна.    

Гэтэл МУИС-ийг 20-иод жил удирдаад, шинэ санаа гаргах бүү хэл шинэ юмыг хүлээн авах боломжгүй хүнийг дэвшүүлээд тавьчихдаг, дараа нь түүнийг хууль бусаар сонгон шалгаруулсан нь шүүхээр тогтоогдохоор хуулийг нь өөрчлүүлдэг сайд дарга нар байгаа цагт систем тогтолцоо уруу бүгдийг чихэхээс өөр  аргагүй ч юм уу даа.