Tuesday, January 18, 2011


МУИС - бидний гэр
Манай нэг найз Монгол Улс бол аав ээж нь гэрийнхээ хоолыг ихэнхийг идчихдэг, үлдсэнийг нь том хүүхдүүд нь дүү нараасаа булаагаад идчихдэг тийм айл шиг гэж хэлсэн юм.  
Монголчуудын энэ оппортунист чанар нь Орос ах нараар заалгаж амьдрахаа больсон сүүлийн 20 жил илүү тод харагдаж байх шиг байна. Нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа улс төрчид, эсвэл байгууллагын удирдлага эхлээд өөрийнхөө гэдсийг дүүргэхээ бодоод байвал тэр улс, байгууллага юу болох билээ.
Эрх мэдэл, мэдээллийг хамгаас илүү хүртэх боломжоо ашиглаад орчин тойрныхоо амьдралыг сайжруулдаг, өөрийнхөө жижигхэн зорилгоо биелүүлдэг байдал одоо хүртэл манай сургуульд амь бөхтэй байсаар байгааг сүүлийн үед илүү анзаарах боллоо. МУИС миний ч гэр, энд ажиллаж байгаа хэн бүхний гэр болохоос хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн хоолонд түрүүлж хүрэх арга биш билээ.
Бидний аливаа шийдвэр МУИС гэдэг энэ байгууллагын нийтлэг ашиг сонирхлын төлөө гардаг байгаасай гэж хүсдэг. Ийм байлгах системийг хурдан бий болгох хэрэгтэй байна.