Thursday, September 6, 2007

МУИС-ийн захирлын сонголтын талаар

А.Галтбаяр (МУИС, МКС)
Аливаа их сургууль, коллежийн амжилт, уналт, ажлын үр дүн гүйцэтгэх захирлаас ихээхэн шалтгаалдаг бөгөөд энэ нь МУИС-ийн одоогийн хамтын удирдлагын системийн хувьд бүр ч илүү нөлөөтэй байдаг. Хэдийгээр төрийн өмчит их сургуулийн захирлыг төлөөлөн удирдах зөвлөл томилдог боловч энэ асуудалд хамт олны оролцоо заавал байх шаардлагатай байдаг. Захирлыг томилоход ашиг сонирхлын бүлгүүд ямар төлөөлөлтэйгээр оролцох, захирлыг хайх, сонгох, томилох үйл ажиллагаа яаж явуулах талаар бид тодорхой бодлого, түүнээс гарах дүрэм журамтай байх ёстой.
Өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиуд захирлаа томилохдоо тусгай комисс байгуулж ажиллуулдаг бөгөөд уг комиссын бүрэлдхүүн, ажиллах дүрэм, захиралд тавигдах шаардлага зэрэг нь маш нарийн тодорхойлогдсон байдаг байна.
Бусад орны туршлагаас харахад их сургуулийн захирлыг сонгох комиссын ажил нь доорхи дарааллын дагуу явагддаг. ([1], [2]-г харна уу.)
1. Захирлыг сонгох комисс байгуулах
Энд комисс хэдэн дэд хэсгээс бүрдсэн, ямар бүрэлдхүүнтэй байх, тухайлбал ТУЗ, багш нар, оюутны төлөөлөгч ямар харьцаатай байхыг тогтох, комиссын дарга, төлөөлөгч нарыг сонгох, комиссоос их сургуулийн захиралд тавих шаардлагыг тогтох зэрэг ажлууд багтана.
2. Захирлыг хайх процесс
Комисс нь сургуулийн одоогийн байдал, нэн тэргүүний шийдвэрлэх асуудлуудыг олж тогтоосны дараа түүнийг шийдэх хүнийг хайх хэрэгтэй юм. Хайхдаа бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл, комиссын гишүүдийн санал авах зэрэг олон сувгийг ашиглана.
3. Тодорхой тооны нэр дэвшигчдийг шалгаруулах
Нэр дэвшигчдийн талаар хүлээж авсан материалыг нягтлан үзэж, үнэн зөвийг шалган, нэмэлт баримт шаардлагатай эсэхийг тогтоох, мөн нэр дэвшигчидтэй уулзах, тодорхой тооны хүмүүсийг шалгаруулах зэрэг ажил энэ хэсэгт орно.
4. Захирлыг томилох
Шалгарсан цөөн тооны нэр дэвшигчдийг ТУЗ-д танилцуулах, захирлыг томилно.

Одоо МУИС-ийн одоогийн захирал яаж сонгогдсоныг саная.
1996 оны МУИС-ийн бүх багш нарын хурлаар сургуулийн захирлыг томилох хүнийг нэр дэвшүүлэх асуудлыг авч хэлэлцэн, санал хураалт явуулахад тэр үеийн ректор Д. Дорж, одоогийн захирал Ц.Ганцог нар бараг адил тооны санал авч байсныг санаж байна. Дараахан тэр үеийн МУ-ын ерөнхий сайд М.Энхсайханы тушаалаар Ц.Ганцог МУИС-ийн захирлаар томилогдсон юм. Манай залуу багш нар ихэнх нь МУИС-ийг урагш хөдөлгөх эрч хүчтэй залуу хүн гэж бодож Ц.Ганцогийг дэмжиж саналаа өгснийг санаж байна. Гэтэл одоо харахад бидний тэр сонголт буруу байжээ. Бид сонголтондоо муу бэлтгэж, буруу хүнийг сонгосон юм.
Тэр хурал дээр Ц.Ганцог тэр хурал дээр бараг юм яриагүйг одоо санадаг юм. Захирлаар болбол цаашид юу хийх бодолтой байгаа, юун дээр эхний ээлжинд анхаарал хандуулах талаар яриа болоогүй нь түүнийг энэ албан тушаалд ажиллаж чадах талаар ямар нэг дүгнэлт өгөх боломжийг хамт олонд өгөөгүй юм.
Бид тэр үед ямар мэдээлэлтэй байсан бэ? Бидэнд түүний товч намтар, хийх ажлын жагсаалт гэх 2-3 заалт бүхий жижиг цаас тараагдсан бөгөөд Ц.Ганцог бол Дубнад Ph.D. хамгаалж, Чех, Германд хэсэг хугацаанд амжилттай судалгааны ажил хийж байгаад Монголд буцаж ирээд хагас жил орчим болж байгаа, өсөх ирээдүйтэй залуу эрдэмтэн гэсэн мэдээлэлтэй байснаа санаж байна. Мөн МУИС-ийг интернэтэд холбоно гэсэн өгүүлбэр байсан. Бид зөвхөн энэ мэдээллээр буюу түүний академик нэр хүндээр сонголт хийсэн бөгөөд гүйцэтгэх захирал хүнд тавигдах бусад шаардлагуудыг хангах эсэхийг огт бодоогүй юм шиг санагддаг юм. Нэр дэвшигчийн хувьд тавигдах удирдан зохион байгуулах чадвар, сургуулийн эрх ашгийг хувийнхаас дээгүүр тавих чанар, мөнгөний шинэ эх үүсвэрийг олох, бий болгох чадвар (мөнгө босгох), үнэнч шударга зан чанар гэх мэт олон шаардлага байдаг билээ.
Захирлыг сонгохдоо юуны өмнө тухайн сургуулийн хувьд ямар асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй болохыг тогтоох хэрэгтэй бөгөөд уг асуудлыг шийдэх чадвартай хүнийг сонгох ёстой юм. Ямар ч асуудлыг шийддэг универсаль удирдагч гэж байхгүй болов уу.

Би яагаад Ц.Ганцогийг сонгосон нь буруу гэж боддог вэ?
а) Сургуулийн ажил унаж байна.
МУИС-ийн ажил муу байгаа, нэр хүнд унаж байгаа, ажиллаж суралцах орчин нөхцөл тааруу гэдэгтэй манай хамт олон санал нийлэх байхаа. (Энэ талаар хийж байгаа судалгааг хэсэг хугацааны дараа олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөж байна.) Ц.Ганцог захирал болсноос хойш 11 жил өнгөрчээ, энэ бол тодорхой үр дүн гаргахад хангалттай хугацаа бөгөөд үүнээс цааш захирлаас одоогийнхоос илүү сэргэг санаа, шинэлэг ажил хүлээх нь утгагүй юм.
б) Ажил хийхээ болисон, эсвэл ажиллах хүч, сонирхол байхгүй болсон.
Би эрдмийн зөвлөлийн дэд комисст 2006-2007 оны турш ажиллахдаа комиссын хуралд 3-4 удаа суусан юм. Тэнд 20-30 эрдмийн зөвлөлийн гишүүд цуглаад асуудал хэлэлцэж байх үеэр Ганцог захирал утсаа бариад танхимаас гарж яваад тэр чигээрээ орж ирэхгүй яваад өгдөг тохиолдол хэдэн удаа гарч байсан билээ. Мөн асуудал хэлэлцэх үеэр зарчмийн шинэ санал гаргахгүй, чимээгүй суух юм уу эсвэл аль болох болохгүй талаас ярьдаг нь ажиглагдсан.
Бас нэг тохиолдол санахад, 2007 оны 4 сард эрдмийн зөвлөлийн комиссын асуудлаар захиралтай уулзахаар урьдчилан цаг аваад орсон юм. Яаралтай ажилтай, асуудлаа 30 минутын дотор танилцуул гэсэн юм. Гэтэл бидний дэргэд гар утсаараа ярьж байгааг сонсвол тэр ажил нь зуслангийн байшингийн хашааны хаалга онгойлгож өгөх байсан гэж ойлгогдсон юм. Бид ажлын цагаар буюу 3 цагт урьдчилан цаг авч уулзсан юм. Ингэж ажил хийж болох уу.
в) Улс төрийн нөлөөнд орсноос дээшээ асуудал тавих чадваргүй болсон.
Анх 1996 онд ректороор сонгогдохдоо нам бус байсан захирал маань 2000 онд МАХН засгийн эрхэнд гарсны дараахан хувьсгалт намын гишүүн болсноо хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүр дуулиан болгон зарлаж байсан бөгөөд одоо уг намын бага хурлын гишүүн юм. Хэдийгээр энэ нь хувь хүний сонголт боловч улс төрийн хараат байдлаас аль болохоор хол байж, академик эрх чөлөөг дээдэлж байх ёстой их сургуулийн захирлын хувьд хэрэггүй алхам байсан гэж боддог.
г) Хувийн эрх ашгийг сургуулийнхаас дээгүүр тавьдаг.
Энд юуны түрүүн санхүүгийн эрх ашгийн талаар яригдаж байгааг тодруулья. Энэ хүний санхүүгийн булхайн талаар төрөл бүрийн сул яриа, хов жив үргэлж гардаг бөгөөд тэдгээрийг няцааж буй түүний зарим тайлбар дэндүү үнэмшил багатай санагддаг. Жишээ нь хуучин Залуу байгальчдын станцын газар МУИС-ийн харьяа мэдэлд орсны дараахан нэг хэсэг нь яагаад ч юм MCS компанийн эзэмшилд очсон бөгөөд тэр газар дээр тус бүр нь100 гаруй сая төгрөгийн үнэтэй хувийн байрнуудын хотхон баригдсан юм. Тэнд манай захирал Ганцог амьдардаг билээ. Уг байрыг Америкаас ах дүүгийнхээ явуулсан мөнгөөр авсан гэдэг.

Багш нараа, Төлөөлөн удирдах Зөвлөлийн гишүүдээ зөв захирал, зөв удирдлага сонгоцгооё.

Ном зүй
[1] http://www.aaup.org/AAUP/issuesed/governance/postart.htm
[2] Mclaughlin, J.B., Riesman D. ‘Choosing a college president', Princeton University Press, 1990, 403 p.

Wednesday, September 5, 2007

Биднийг хэн удирддаг вэ?

Би 2007 оны 10 сард анх удаа МУИС-ийн Эрдмийн Зөвлөлийн хуралд анх удаа суусан юм. Гэтэл социализмын үеэс үлдсэн болов уу гэмээр нэг сонин юм ажиглагдсан нь хурлаас гарах шийдвэрийн эхний хувилбар хурал эхэлэхээс өмнө бэлэн болоод, самбарт гарчихсан байсан юм.

Хурлын үеэр гарсан саналуудыг хурлын шийдвэр дээр тусгуулах гэж нэлээн юм болж байсныг санаж байна. Энэ жишээнээс эрдмийн зөвлөл нь идэвхгүй, захиргааны албаныхандаа толгойгоо мэдүүлсэн, ёс төдий, тоглоомын байгууллага юм байна дүгнэж болно. Гэтэл МУИС-ийн удирдлагын нэг болох эрдмийн хамт олны төлөөлөл яагаад ийм болов? Ер нь биднийг хэн хэний ашиг сонирхлын үүднээс яаж удирдаад байна вэ гэдэг асуулт гарч ирнэ.Миний ажигласнаар манай сургуулийн жирийн багш нар их сургуулийн удирдлагын талаар сонирхдоггүй бөгөөд тэр нь хэдэн дарга нарт хамаатай асуудал мэт ойлгодог гэхэд хилсдэхгүй болов уу. Нөгөө талаас энэ талаар ойлголт өгөх талаар удирдлагын зүгээс ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь манай хамт олныг идэвхгүй, санаачлагагүй масс болгож хэдэн дарга нар хяналтгүй ажиллах суурь болж өгдөг гэж боддог. Одоо МУИС-ийг хэн удирддаг вэ гэдэг асуултанд хариулахыг оролдьё.
Монголын төрийн өмчит их сургуулиуд Америкийн дээд боловсролын байгууллагын хамтын удирдлагын (shared governance) тогтолцоог нэвтрүүлээд 10 орчим жил болж байгаа бөгөөд тэдний дүрэм журам хоорондоо үг үсгийн зөрөөгүй шахам төстэй байдаг. (
www.num.edu.mn , www.must.edu.mn , www.hsum.edu.mn, МУБИС сайтуудаас харна уу).
Дээд боловсролын байгууллагын хамтын удирдлагын тогтолцоо нь хууль ёсны (legal) ба мэргэжлийн (professional) засаглалаас бүрддэг. Хууль ёсны засаглалыг төлөөлөн удирдах зөвлөл, байгууллагын захиргаагаар, харин мэргэжлийн засаглал бол эрдмийн хамт олны төлөөллөөр дамжигдан хэрэгждэг. Мэргэжлийн засаглалын буюу багш судлаачдын оролцоог дээд боловсролын байгууллагын удирдлагад зайлшгүй оруулах ёстой гэсэн санааг 1967 оны Америкийн боловсролын 3 нийгэмлэгийн хамтарсан мэдэгдэлд (Statement on government of colleges and universities, [1] ) дурьдсан байдаг. Багш судлаачдын оролцоо нь зөвхөн хичээлийн агуулга, түүнийг заах аргуудыг боловсруулах, эрдмийн зэрэг цол олгох шаардлагуудыг тогтоох зэргээр хязгаарлагдахгүйгээр цалин тогтоох, захиргааны ажилтнуудын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх, байгууллагын төсөв хэлэлцэхэд оролцох ёстой гэж үзсэн байдаг. Дээд боловсролын байгууллагын (ДББ) үйл ажиллагаанд
Нийгэм, олон нийт, төрийн (түүний төлөөлөл гэж үзвэл) ашиг сонирхол
Зах зээлийн хэрэгцээ, шаардлага
Академик сонирхол гэсэн 3 үндсэн хүчин зүйл нөлөөлдөг ([2] харна уу). Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын аливаа шийдвэр голчлон эдгээр гурван ашиг сонирхлын харилцан үйлчлэлийн нөлөөн дор гардаг гэж хэлж болно.
ДББ нь шинэ мэдлэг бий болгох, мэдлэг, ур чадварыг нийтийн хүртээл болгодог нийгэмд үйлчилдэг байгууллага тул нийгэм олон нийтийн эрх ашгийг хөнддөг. (Манайд энэ эрх ашгийг зөвхөн өмч гэдэг талаас ханддаг бөгөөд төрийн өмчийн их сургуулиудын барилга байшин, тоног төхөөрөмжийг төр эзэмшдэг тул төр мэдэж бүх шийдвэр гаргах ёстой гэсэн ташаа үзэл байдаг. Үнэндээ энэ ард түмний татварын мөнгөөр бий болгосон олон нийтийн байгууллага гэсэн утгыг агуулдаг юм.) ДББ-ын байгууллагын санхүүжилтын тодорхой хэсэг зах зээлийн харьцаагаар зохицуулагдах сургалтын төлбөрөөр хийгдэж байдаг тул суралцагчид, оюутнууд, тэдний эцэг эхийн эрх ашиг хөндөгдөнө. Үүнийг зах зээлийн шаардлага гэж нэрлэдэг. Дээд боловсролын байгууллагын академик сонирхол нь үзэл санаа, итгэл үнэмшлийн эрх чөлөөг эрхэмлэх бөгөөд байгууллага нээлттэй, эрдмийг дээдэлдэг, асуудалд бодитой ханддаг байхыг эн тэргүүнд тавих явдал юм. Энэ сонирхол нь шилдэг боловсон хүчин, шилдэг оюутныг татах болон үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэрийг хангалттай цуглуулах зэргээр илэрхийлэгдэнэ. МУИС-ийн хувьд багш судлаачдын ажиллах, судалгаа хийх боломж дутуу нь академик сонирхлын хангагдаагүй гэж үзэж болно. Төлөөлөн Удирдах зөвлөл (ТУЗ) нь тус сургуулийн үүсгэн байгуулагч, багш, төгсөгч, оюутны төлөөллийн хамтын удирдлагын дээд байгууллага бөгөөд дээр дурьдсан ашиг сонирхлын бүлгүүдийг энд орсон гэж хэлэхэд болно. (Дахин хэлэхэд манайд олон нийтийн, төрийн төлөөллийн ялгааг сайн гаргаагүй гэж санагддаг). Минийхээр төрийн төлөөлөл гэгдэх хүмүүсийн заримын нь оронд нэр хүндтэй олон нийтийн зүтгэлтнүүд, төрийн бус олон нийтийн байгуулагын төлөөлөгчид, иргэний хөдөлгөөний төлөөлөгчдыг оруулж төр, олон нийтийн байгууллага байх нь улс төрийн нөлөөллийг багасгах нэг арга байж болох юм. Мөн багш нарын төлөөллийг зөв сонгосон тохиолдолд хамт олны дуу хоолой удирдах байгууллагад хүрэх боломжтой бөгөөд өнөөдрийн бадлаар МУИС-ийн ТУЗ-ийн багш нарын төлөөлөл нь бүгд хичээл бараг заадаггүй, захиргааны ажилтнууд байгаа нь зарчмийн алдаатай байгаа юм.
ТУЗ нь сургуулийн захирлыг сонгох бөгөөд захирал нь захиргааг бүрдүүлдэг. Захиргаа нь дэд захирлууд болон харьяа сургуулиудын захирал, орлогч захирлууд үндсэндээ ордог бөгөөд сургуулийн менежмэнт, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж ажиллахаас гадна төр олон нийт ба хамт олны хооронд холбоос, гүүрийн үүргийг гүйцэтгэдэг.
Эрдмийн зөвлөл нь багш судлаачдын хүчийг нэгтгэсэн, сургуулийн академик эрх ашгийг дэмжих гол байгууллага юм. Гэтэл жишээ нь МУИС-ийн Эрдмийн зөвлөл нь захиргааны тайланг сонсож, шууд баталдаг, сургалт эрдэм шинжилгээний ажлыг зохицуулахаас илүүгээр цол хэргэм олгох үүрэгтэй байгууллага болсон юм.
Эрдмийн зөвлөлийн хариуцлагагүй байдал нь
1. Эрдмийн зөвлөл нь захиргааны хавсарсан бүтэц болсон
2. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн сонголт шударга, нээлттэй бус байгаагаас
ажлын төлөө бус нэр хүнд, нас, албан тушаалаар дулдуйдсан гишүүдээр дүүрсэн.
3. Гишүүд нь эрх үүргээ ухамсарладаггүй
гэх мэтийн зарчмын алдаатай зүйлүүд олон байдгаас шалтгаалдаг гэж үзэж байна.
Төлөөлөн Удирдах Зөвлөл
Оюутны сургалтын төлбөрөөс өөр юм авч хэлэлцдэггүй, их сургуульд төсвөөс санхүүжилт хийлгэх болдолгүй ТУЗ (сургуулийн сүүлийн жилүүдийн тайланг харна уу) ба санаачлагагүй тоглоомын Эрдмийн Зөвлөлтэй МУИС-ийн хувьд Захиргаан дээр бүх эрх мэдэл төвлөрч, түүнтэй хариуцлага тооцох субьектгүй болсноос Ажил хийхээ больж, Хийж байгаа гэх зүйл нь үргэлж танил тал, хээл хахууль, хувийн эрх ашиг дагуулах болжээ.


Ашигласан материал:
[1] American Association of University Professors. 1966. "Statement on Government of Colleges and Universities." Retrieved September 26, 2002,
http://www.aaup.org/AAUP/issuesed/governance/default.htm[2] J.Burke "Achieving accountability in higher education", 2005, Jossey-Bass