Sunday, June 14, 2009

Бид бүх оюутныг төгсгөх ёстой юу?

Саяхан төгсөх ангийн оюутнуудаас хэдэн оюутан миний орсон хичээлийн улирлын шалгалтанд тэнцээгүйгээс сургууль төгсөх нь хойшлогдсон юм.

4 жил суралцаад төгсөх гэж байгаа хүүхдийг 1 шалгалтанд тэнцүүлээд төгсгөчихгүй, чи хүүхдийн амьдралаар тоглож байна гэж хэд хэдэн хүн хэлсэн юм.

Тэр хүмүүсийн зөв байж ч болох юм. Гэхдээ өөрийнхөө бодлыг хуваалцмаар санагдлаа.
Шалгалтыг би амаар авдаг, шалгалтын энэ хэлбэр оюутнуудын мэдлэгийг илүү бодитой үнэлэх боломж өгдөг гэж боддог. Саяны төгсөж чадаагүй оюутнуудаас 4 сараас хойш нийтдээ 6-7 удаа шалгалт авсан байдаг юм. Хэдийгээр шалгалтын дүрэм ёсоор ийм олон удаа авахыг зөвшөөрдөг эсэхийг мэдэхгүй ч оюутнуудад шалгалт өгөх боломжийг хангалттай гаргаж өгснөөр буруу юм болоогүй болов уу. (гэхдээ зарим оюутнууд бүх шалгалтанд ороогүй, 2-3 удаа л өгсөн.)
Тэнцээгүй шалтгаан нь маш энгийн.

1. Шалгалтандаа бэлтгээгүй
2. Суурь мэдлэг хангалтгүй

Сүүлийн үед оюутнууд шалгалтандаа бэлтгэлгүй орж ирэх нь нийтлэг болсон, тэгсэн мөртлөө ихэнх нь дор хаяж 60 оноо аваад гараад ирдэг. Энэ нь цаашдаа мэргэжлийн хичээлүүд ороод ирэхэд суурь мэдлэгээ эзэмшээгүй тохиолдолд залгамж холбоотой хичээлүүдийг үзэх ямар ч боломжгүй болоход хүрдэг.
Одоогийн дүрмээр оюутан хасагдана гэдэг ойлголт байхгүй болсноос бага курсийн шалгалтын өр 4 курс хүртэл явчихсан байх нь элбэг. Тэгээд төгсөхөөс хэдэн сарын өмнөөс олон өрнүүдээ дарах хэрэгтэй болдгоос хавар багш болгон дахин шалгалтууд авдаг. Нэгэнт сургалтын төлбөрийг төлүүлээд анги дэвшүүлсээр 4 курс хүртэл явуулсан оюутныг худлаа үнэн 60 тавиад төгсгөхөөс аргагүй байдалд бид хүрдэг.
МКС-ийн хувьд дараахь арга хэмжээ авмаар санагдаж байна.
• Хичээлийн залгамж холбоог тооцох, анги дэвших асуудал дээр шинэ журам гаргах
• Курс бүрийг төгсөхөд шаардагдах минимум кредит тогтоох
• 1 эсвэл 2 курсийн эцэст үндсэн мэдлэгийн нэгдсэн шалгалт авах
• Шалгалт өгөх болзлыг тодорхой болгох, ведомостийг замбараагүй өгөхөө болих

АСУУДЛЫГ ТОМРУУЛЖ ХАРВАЛ:

Энэ асуудлын цаад шалтгаануудын нэг нь МУИС-ийн хөгжлийн бодлого, стратегийн алдаанд байгаа юм. МУИС-ийн орлогын 90 орчим хувийг сургалтын төлбөр эзэлдэг тул оюутны сургалтын төлбөр санхүүгийн гол үүсвэр юм. Сургалтын төлбөрөө өөрсдөө тогтоож чаддаггүй, тэр бүү хэл саяны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр манай салбарын сайд төрийн өмчит их сургуулиудыг үнэ төлбөргүй болгоно гэж явсаныг хүн бүр санаж байгаа байх. Тэгэхээр төрийн өмчит сургуулиуд орлогоо нэмэгдүүлэхийн тулд оюутны тоог нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Зүгээр нэг ангид олон оюутан элсүүлэх нь утгагүй тул гоё нэртэй, гараад ажлын байргүй шинэ ангиудыг олноор нээж эхэлсэн. ШУТИС хэлний ангитай, МУБИС эдийн засгийн ангитай болсон нь энэний хамгийн ойлгомжтой үр дагавар юм.

Бусад үр дагавруудаас дурьдвал:

• Элсэгчийн чанар эрс муудсанаас сургалтын чанар доошилсон
• Сургалтын төлбөр нь багшийн цалинтай холбоотой тул оюутан хасах сонирхолгүй болсон
• Гараад ажлын байргүй дээд боловсролтой хүмүүсийг олноор гаргаж байгаа
• Зөвхөн бакалаврын сургалтандаа анхаарч эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлж чадахаа больсон

Иймд бид түр зуур өөрсдөө хоногийн хоолтой байхын тулд нийгэмд хортой ийм юм хийх нь зөв эсэхийг бодох ёстой. Сургалтын төлбөрийг зардалтай нь уялдуулж тогтоох, өндөр өртөг зардалтай ангиудад улсын татаас авах, санхүүжилтын бүтцийг өөрчлөх хэрэгтэй байна.

3 comments:

Unknown said...

Чухал сэдэв хөнджээ. Саяхан Ёкохама хотын Их Сургууль оюутнуудынхаа 2-р курс хүртэлх кредитийн минимумыг харгалзан (гол харгалздаг нь TOEFL, TOEIC-ын оноо) дараагын курсэд дэвшүүлдэг тухай мэдлээ. 4 жилийн сургалттай учир яг голд нь нэг шигшүүр тавьсан байх. Хэрэв оюутан минимум хангаагүй бол дахин 2-р курстээ улирч дахин төлбөрөө төлж сурхаас өөр аргагүй. Элсэгчийн чанар муудсныг ийм аргаар дээшлүүлэх боломж байж магадгүй. Амжилт хүсье Галтаа

Хэлэх Үг said...

Зөв өө зөв. Гэхдээ нэг юм хэлмээр санагдлаа. 4н жил ямар ч шаардлага тавьдаггүй сул (өөрийн тань хэлэх гэснээр буруу ) системээр явсан хүүхдүүдэд тэгж хатуурхах хэрэг байдаг юм уу. Хэрвээ ингэж өөрчилмөөр байгаа бол бүр анхнаас нь 1-р курст орохоос нь л сурвал сурсан шиг сур системээр явбал яадаг юм. Нэг талаас энэ бол тэдгээр оюутнуудын буруу ч биш энэ нийгэм, эрх мэдлийг гартаа атгасан хүмүүсийн буруу. Тиймээс золиос болон хоцорч байгаа хүүхдүүдийг (тэртээ тэргүй золиос болж ядаж байхад нь)улам хүндрүүлээд яах нь вэ дээ. Гэхдээ танийг дэмжиж байгаа шүү. Бид өөрчлөх цаг нь болсон.
PS : (Тэдгээр хүүхдүүдэд энэрэлтэй хандаарай, ард нь бас л Монголын эгэл жирийн айлын амьдрал явж байгаа шүү дээ)

Ochko said...

Зөв гэж бодож байна. Гэхдээ 4 жил сул явуулчихаад төгсөх үед нь сүрхий хатуурхаад хэрэггүй байх. Хэлэх Үг-ийн хэлдэгээр анхнаас нь л 1-р курсээс нь анги дэвших эсэхийг нь шийдээд явчихвал зүгээр.