Wednesday, September 5, 2007

МУИС-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэл

2007 оны 7 сарын 4-ны өдрийн 16 цагаас МУИС-ийн ТУЗ-ийн ээлжит хурал хичээлийн 1-р байрны 206 тоотод болж өнгөрлөө.



Энэ хуралд би ажиглагчаар оролцсон бөгөөд хурлын үед хийсэн товч тэмдэглэл болон төрсөн сэтгэгдлээсээ та бүхэнтэй хуваалцья. (Зарим зүйлийг дутуу, алдаа мадагтай тэмдэглэж авсан байх магадлалтайг сануулья. Хурлын протоколын эхийг МУИС-ийн бичиг хэргээс авч болно гэж найдаж байна.)


Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдхүүний талаар.
Өмнөх жилийн ТУЗ нь


Төрийн төлөөлөлд

Ө.Энхтүвшин - Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд /зөвлөлийн дарга/

Ц.Нямдорж - УИХ-ын дарга,

Ц.Мөнх-Оргил - УИХ-ын гишүүн,

Ж.Батхуяг - УИХ-ын гишүүн,

.Гончигдорж - УИХ-ын гишүүн,

Д.Баасанхүү - СЯ-ны газрын дарга асан,

Ц.Даваасүрэн - БСШУЯ-ны ЭЗСГ-ын дарга,

Б.Ганбат - БСШУЯ-ны газрын орлогч дарга,

Ц.Буриад - БСШУЯ, ахлах мэргэжилтэн,

Ц.Энхтүвшин - Монголын оюутны холбооны тэргүүлэгч,

Нөхөн томилогдоогүй /Л.Ариунаагийн оронд/



Төгсөгчдийн төлөөлөлд:
М.Энхболд - Монгол Улсын Ерөнхий сайд,

Н.Алтанхуяг - Сангийн сайд асан,
Я.Долгоржав - Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх



Багш нарын төлөөлөлд:

С.Даваа - МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал,

Д.Дорж - МУИС-ийн Химийн факультетийн декан,

С.Нарангэрэл - МУИС-ийн Хуульзүйн сургуулийн захирал
Х.Цоохүү - МУИС-ийн Физик электроникийн сургуулийн профессор



Суралцагчдын төлөөлөлд:
Б.Ган-Очир - МУИС-ийн Оюутны холбооны дарга, ХЗС-ийн оюутан



гэсэн бүрэлдхүүнтэй байсан бол энэ жил дараахь байдлаар шинэчлэгдсэн байна.


Төрийн төлөөлөлд:

Б.Эрдэнэсүрэн - УИХ-ын гишүүн /зөвлөлийн дарга/,

Т.Сугар - Төрийн өмчийн хороон дарга,

Ш.Сүхбаатар – ХЗЯ-ны дэд сайд,

С.Чинзориг – ХНХЯ-ны дэд сайд,

Батринчин - БСШУЯ-ны Дээд боловсролын газрын мэргэжилтэн,

Р.Бат-Эрдэнэ - БСШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга,

Б.Ганбат - БСШУЯ-ны газрын орлогч дарга,

Б.Энхтүвшин – ШУА-ын дэд ерөнхийлөгч,

Ц.Энхтүвшин - Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч,


Төгсөгчдийн төлөөлөлд:



М.Энхболд - Монгол Улсын Ерөнхий сайд,
Н.Алтанхуяг - Сангийн сайд асан,
Я.Долгоржав - Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх,



Багш нарын төлөөлөлд:


С.Даваа - МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал,

Д.Дорж - МУИС-ийн Химийн факультетийн декан,

С.Нарангэрэл - МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал,
Х.Цоохүү - МУИС-ийн Физик электроникийн сургуулийн профессор



Суралцагчдын төлөөлөлд:


Амгаланбаатар - МУИС-ийн Оюутны холбооны дарга



Хэлэлцсэн асуудууд.

Уг хурлаар
1. МУИС-ийн 2006-2007 оны хичээлийн жилийн ажлын тайланг хэлэлцэх,
2. 2006-2007 оны хичээлийн жилийн оюутны сургалтын төлбөрийн хэмжээг тогтоох (15%-иар нэмэх саналыг санхүүгийн хэлтсээс оруулсан),
3. МУИС-ийн номын сангийн барилга барих асуудлыг батлуулах (энэ барилга нь хичээлийн 2-р байр ба Монгол-Япон Төвийн хооронд байрлах бөгөөд баригдах өртөг нь 5 миллиард төгрөг)гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

Уг хуралд МУИС-ийн харьяа сургууль, факультетын захирлууд оролцсон юм.

Нэгдүгээр асуудлаар: Тайлангийн ерөнхий агуулгыг захирал Ц.Ганцог, санхүүгийн хэсгийг дэд захирал Д.Моломжамц тавилаа. Захирал Ц.Ганцогийн илтгэл нь манай сургуулийн жил бүр ном болж гардаг тайланг Powerpoint дээр хэдэн өнгөт зураг нэмээд оруулсан гээд сэтгэхэд болно.

Хэдэн сургуулийн тайланг нэгтгээд биччихсэн уйтгартай, чухал гол зүйлийг базаж чадаагүй тийм л тайлан байлаа. Санхүүгийн хэсэг нь мөн адил, баахан хүснэгтээс бүрдсэн бөгөөд бүх төрлийн орлого зарлагыг өмнөх жилтэй харьцуулсан хувиудтай, нягтлан бодогчийн тайлан байлаа.
ТУЗ-ийн гишүүдээс тайлангийн талаар асуусан зарим асуулт хариултыг дурьдвал:

Ц.Энхтүвшин(Оюутны Холбоо): Хонин нуга төсөл гээд өмнөх жилүүдийн тайланд мөн л яригдаж байсан, энэ жилийн тайланд мөн л яригдаж байх юм. Энэ ямар учиртай юм бэ?
Ц.Ганцог: Германтай хамтарсан их том төсөл бөгөөд хөрөнгө мөнгө их орсон. Одоог хүртэл үргэлжилж байгаа.

Б.Бат-Эрдэнэ: Танай сургуулийн ямар салбарууд нь ашигтай, ямар нь ашиггүй ажилладаг вэ?
Д.Моломжамц: Нийгмийн ухааны сургуулиуд ашигтай, байгалийн ухааны сургуулиуд ашиггүй байдаг.

Б.Эрдэнэсүрэн: МУИС-ийн эрхэм зорилгод дотооддоо тэргүүлэх байр сууриа хадгална гэсэн үг байх шиг байх юм энэ үнэн үү? Үнэн бол энэ чинь арай амархан эрхэм зорилго юм биш үү?
Ц.Ганцог: Монгол Улсдаа тэргүүлэх байр сууриа хадгална гэдэг бол бага зүйл биш юм.

Үүний дараа хэд хэдэн асуулт хариулт явагдсан бөгөөд ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэсүрэн МУИС-ийн стратегийн асуудлаар 2007 оны 10 сар орчим ТУЗ-ийн хурлаар тусд нь авч хэлэлцье, одоо юуны өмнө ирэх жилийн сургалтын төлбөрийн асуудлыг шийдье гэснээр дараагийн асуудал уруу орсон. ТУЗ-ийн зүгээс ерөнхийдөө тайланг, ялангуяа санхүүгийн тайланг туйлын хангалтгүй бэлтгэсэн гэж үзлээ. Санхүүгийн тайлангийн гүйцэтгэлийг 4 сарын 30-аар авсан байсан бөгөөд харин хурал 7 сарын 4-нд болсон билээ.

Хоёрдугаар асуудлаар: Сургалтын төлбөрийг 15%-иар нэмэх саналыг үндэслэлийг Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Моломжамц тавьлаа. Өмнөх жилийн зардлуудыг зүгээр л автоматаар 15%-иар нэмэгдүүлэн тооцоо хийсэн байлаа. Тэр ч бүү хэл илтгэлийнхээ гарчгийг өмнөх оныхоор бичсэн байв.
Б.Бат-Эрдэнэ: Сургалтын төлбөрийг 15%-иар нэмэх үндэслэл үнэмшилгүй байна.
Та нар шинээр хөрөнгө оруулалт шаардлагатай бол саналаа оруулж болно. ХААИС, СУИС-иуд зарим барилга байгууламж барихад хөрөнгө оруулах санал гаргаад тэр нь дэмжигдсэн. С.Даваа: Эдийн засгийн сургуулийн Сайнжаргал тэргүүтэй багш нарын хийсэн тооцоогоор манай сургалтын төлбөр үүнээс хавьгүй өндөр гарч байгаа боловч бид оюутнуудаа өрөвдөөд 15%-иар нэмэх санал оруулж байгаа.

Асуулт(Хэнийг санахгүй байна): Сургалтын төлбөрийн хэмжээг батлахдаа сургууль бүрийн саналыг авч тусгасан уу?
С.Даваа: Захиргааны зөвлөлийн хурлаар оруулж захирлуудад танилцуулж батлуулсан. Сургуулийн ирэх жилийн зардлыг уг нь тухайн сургуулиудын захирлуудын шууд оролцоотойгоор тооцдог баймаар.

Оюутны төлөөлөл Амгаланбаатар МУИС-ийн оюутнуудын суралцах орчин, тоног төхөөрөмж зэрэг нь шаардлагад нийцэхгүй байгааг хэлээд Төр засгийн зүгээс үүнд анхаарлаа хандуулахыг уриаллаа.
Гэтэл Монголын Оюутны Холбооны төлөөлөгч Ц.Энхтүвшин МУИС-ийн захиргааг оюутан бэлдүүлж Төрийн өөдөөс турхируулж байдгаа боль гэж хэлснээр бага зэрэг маргаан үүссэн юм.

Я.Долгоржав: МУИС-ийн манлайлах үүрэг рольд өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Campus-ийн орчинг сайжруулах хэрэгтэй байна.
Т.Сугар: МУИС-ийн сургалтын төлбөрийг яагаад 2 дахин нэмж болдоггүй юм бэ? Зоригтой ажиллах хэрэгтэй байна. Өндөр хөгжилтэй орнуудын Их дээд сургуулиудын жилийн төлбөр дунджаар 10,000 доллар байдаг. Энэ нь манай их дээд сургуулиудын дундаж төлбөрөөс 20 дахин их мөнгө юм. Өнөөдөр 500 долларын төлбөр төлж байгаа оюутан сургуулиасаа дэлхийн хэмжээний сургалт шаардах эрхгүй. Иймд сургалтын төлбөрийг нэмэх хэрэгтэй.
Н.Алтанхуяг: МУИС-ийн захиргаа санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Зөвхөн сургалтын төлбөр, татаас яриад байхаар өөр зүйлүүдийг санаачлах хэрэгтэй. Жишээлбэл Хөрөнгө оруулалтын зардлыг хөөцөлдөх, багш нарын мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг өөрчлөх, оюутны тэтгэлгийн сан байгуулах гэх мэт.
Энхтүвшин(ШУА): Эрдэм шинжилгээний зардал нийт зардлын 7%-иас доош бол эрдэм шинжилгээний байгууллага бус гэж үздэг. МУИС-иас гаргаж буй эрдэм шинжилгээний зардал дээр эрдэм шинжилгээний төслийн санхүүжилтийг нэмэхэд ойролцоогоор 5.3% болж байгаа нь эрдэм шинжилгээний байгууллага биш болжээ.
Б.Эрдэнэсүрэн: МУИС хийх зүйлээ хурдан төлөвлөж, богино хугацаанд гүйцэтгэх хэрэгтэй байна. Улс төрийн албан тушаалтнууд нэг л сонгуулиар өөрчлөгдөх тул ажил сунжирвал дараагийн хүмүүстэй дахин шинээр тохиролцох хэрэгтэй болно гэсэн утгатай үг хэллээ.

Гуравдугаар асуудлаар: МУИС-ийн номын сангийн барилга барих асуудлыг ТУЗ-ийн гишүүд санал нэгтэй дэмжсэн. Гэхдээ энд санхүүжилт нь гадаадын тусламжаар гэсэн байсан юм.


Хурлын талаарх хувийн бодол.

1. ТУЗ-ийн багш нарын төлөөлөл болох 4 хүн 1998 оноос хойш өөрчлөгдөөгүй бөгөөд эдгээр хүмүүс бүгд бараг хичээл заадаггүй, захиргааны албан тушаалтнууд тул багш нарын төлөөлөл болж чадахгүй юм. Энэ хурлын туршид тэдний нэг нь ч бидний өмнөөс, бидний төлөө санал бодлоо илэрхийлээгүй нь тун харамсалтай.

2. ТУЗ-ийн шинэ бүрэлдхүүн, тэдний санал бодлоос харахад МУИС-ийн төлөө санаа тавьсан, үйл ажиллагааг нь сайжруулья гэж хүсч байгаа хүмүүс гэж ойлгогдлоо. Урьдны миний төсөөлллөөр ТУЗ бол зөвхөн сургалтын төлбөрийг багаар барих сонирхолтой хэсэг улс төрчид байсан юм.
Манай сургуулийн менежментийг барьж байгаа захиргааг санаачлагагүй байгаа нь ТУЗ- ийн гишүүдийн хэлсэн үг бүрээс мэдрэгдэж байлаа. Мөн ТУЗ-ийн хурлаас гарах шийдвэрийг хурал эхэлэхэд тарааж өгсөн материал дотор хавсаргасан байсан нь тэднигй гайхшруулсан юм. Хурлыг өөрсдийн бодсоны дагуу явуулдаг ийм арга барил МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурал дээр ноднин жил харагдсан бөгөөд би тухайн үед нь эсэргүүцэж байснаа санаж байна.


3. Нийгмийн ухааны сургуулиуд ашигтай, байгалын ухааны сургуулиуд алдагдалтай гэж хэлж байгаа эдийн засаг санхүү хариуцсан дэд захирлыг ажлаа мэддэггүй гэж хэлэхээс өөр арга алга.

4. 5 миллиард төгрөгийн өртөгтэй номын сангийн барилгыг барих асуудлыг дахин авч үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. Учир нь МУИС-ийн хувьд эн тэргүүний хөрөнгө оруулалт шаардагдаж буй зүйлүүд байгаа бөгөөд энэ талаар хамт олны саналыг авах хэрэгтэй болов уу. Мөн МУИС-ийн захирал мөнгө идсэн тухай сонин хэвлэлээр
гарч байгаа энэ үед тэдэнд энэ асуудлыг хариуцуулах нь ухаалаг алхам болохгүй.

5. Дэд захирал С.Даваагийн хэлснээс үзвэл МУИС-ийн санхүүгийн алба гэж чухам ямар үүрэгтэй, юу хийдэг байгууллага болох болохыг төсөөлөхөд бэрх байна. МУИС-ийн эдийн засгийн багш (Сайнжаргал багш) нараар ирэх жилийн төсвөө хийлгэдэг санхүүгийн албыг өөрчлөх хэрэгтэй.

No comments: